МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2022 оны 12 дугаар сарын 21) — Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон Монгол Улсын Засгийн газар Монгол орны алслагдмал бүс нутагт эрчим хүчний үр ашиг болон сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийг нэмэгдүүлэх зорилгоор 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Буцалтгүй тусламжийн 2 сая ам.долларыг Япон Улсын Засгийн газрын санхүүжилттэй Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангаас олгох бөгөөд АХБ захиран зарцуулах юм. Тус сан нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсад ядуурлыг бууруулах, амьжиргааг сайжруулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийг амжилттай дэмжин ажиллаж байна.
“Цельсийн -40 хэм болон болон түүнээс ч доош хэмд хүрч хүйтэрдэг Монголын эрс тэс уур амьсгалд хангалттай дулаан хангамж нэн чухал юм” хэмээн АХБ-ны Зүүн Азийн газрын эрчим хүчний тэргүүлэх мэргэжилтэн Шэннон Коулин онцлоод, “Энэхүү төсөл нь хүн амын эрүүл мэндэд ихээхэн нөлөөлж байдаг агаарын чанарыг сайжруулахын сацуу Монголын хөдөө орон нутагт сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийг ашиглах боломжтойг харуулж, нүүрсний хэрэглээг бууруулах чиглэлээр шийдвэр гаргагчид болон ард иргэдийн чадавхыг нэмэгдүүлэх болно” хэмээн тэмдэглэлээ.
Монгол Улс эрчим хүчний хангамжиндаа сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авсаар ирсэн. Гэсэн хэдий ч Монгол Улсын дулааны хэрэгцээний дийлэнх хувийг нүүрсэн галлагаат станцууд, уурын зуух эсвэл ахуйн хэрэглээний зуух хангаж байна. Үүнээс болж агаар ихээр бохирдож, хүлэмжийн хийн ялгаралт эрүүл мэндэд хор хөнөөл учруулахуйц өндөр түвшинд хүртэл нэмэгдээд байна.
Энэхүү буцалтгүй тусламжийн хөрөнгөөр илүү цэвэр халаалтын системийн загварыг гаргах, худалдан авах, суурилуулах ажлуудыг хийнэ. Халаалт, халуун усны байнгын хэрэгцээтэй байдаг, орон нутгийн иргэдэд нэн чухал сумын төвийн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүдэд төслийн хүрээнд голлон анхаарна. Мөн дулааны хэрэгцээг багасгахын тулд эрчим хүчний хэмнэлттэй арга хэмжээнүүдийг авч, барилгуудыг засварлах ажил хийгдэнэ.
Түүнчлэн уг буцалтгүй тусламж нь төрийн албан хаагчид болон халаалтын техникчдийн дунд эрчим хүчний үр ашгийн арга хэмжээ, цэвэр халаалтын системийн үнэ цэнэ, тэдгээрийг хэрхэн суурилуулах, засварлах талаар ойлголтыг түгээх зорилготой юм. Мөн төслөөр айл өрхийн нүүрсний хэрэглээ, ялгарлыг бууруулахын тулд айл өрхүүдэд нэвтрүүлж болохуйц арга хэмжээнд иргэдийг, ялангуяа эмэгтэйчүүдийг сургах болно.
Төслийг 2025 он гэхэд дуусгахаар төлөвлөж байна.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.